Wednesday, January 6, 2010

Гоё цэцэгс

-Ээжээ би тэр цэцгийг авья.
-Болохгүй ээ. Миний хүү гоё цэцэг хэзээ ч хүнд хань болдоггүй юм.
Энэ цэцгийг авбал чи өдөр бүр усалж хөрсийг нь сольж бас харж, хандаж байх хэрэгтэй болно.
-Би чадна шүүдээ. Ээжээ. Авчихьялдаа.
Хүү уйлж унжин байж дэлгүүрээс үнэтэй бас их л гоё цэцэг авхуулсан юм.
Олон жилийн өмнө болохоор би чухам ямар нэртэй цэцэг байсныг санахгүй байна. Бяцхан ухаанд минь тодоос тод үлдсэн дурсамж маань гэвэл дэндүү их үнэ төлөн байж авсан тэр цэцэг маань нэг л өдөр торгомсог дэлбээ нь хатаж шарлаад, намайг орхиод явсаныг санаж байна. Зөрүүдлэн байж авсан болохоор би хэдий гунигтай байсан ч юу ч болоогүй юм шиг дүрийг ээждээ үзүүлж, харин орон дотроо чимээгүй уйлж байсан юм.
Ээж минь дэргэд минь сууж байгаад
-Миний хүү цэцэг гэдэг чинь хүнтэй л адил хайр халамж шаардаж байдаг. Хэдий гоё байх тусмаа төдий чинээ л их хайр халамж шаарддаг юмшүүдээ.
Ээж нь залуу байхдаа их сайхан цэцгэнд сэтгэл алдарч түүнийгээ өөртөө авсан юм. Тэр цэцэг бол чиний аав байсан юм. Ээж нь аавыг чинь ердөө ч буруутгаж чаддагүй. Харин ч хэтэрхий гоё цэцгэнд дурласандаа өөрийгөө л буруутгадаг юм. Ээж нь тэр гоё цэцэгээ хүн болгоноос харамлаж, муудалцаж заримдаа бүр барьцалдаад авдаг байсан. Гэвч нэг л өдөр ээжээс нь хэннэгэн булаагаад аваад явчихсан байсан. Тэр өдрөөс л хойш миний хүү ээждээ цэцэг нь болж ургасан юмшүүдээ.
Энэ үед би их зүйлийг ухаарсан юм.
Ээжийн маань ярьсан энэ явдлаас болоод ч тэрүү? Эсвэл хүүгээ хойд эцгийн гар дамжуулахгүй гэсэндээ ч тэрүү? Ээж минь өөрийнхөө гоо үзэсгэлэнг үргэлж нууж явдаг байлаа. Тийм болохоороо ч тэр юмуу? Намайг ч бас бусдын нүдэнд тусахааргүй хувцаслаж төлөв даруу байхыг сургадагсан.
Маргааш нь ээж минь надад усан цэцэг авчирч өгсөн юм.
Өнжөөд нэг л услахад өөрөө дэлбээлчихдэг. Заримдаа бүр хэдэн хоногоор мартаад явахад аанай л нэг гандчихаагүй байж байдаг энгийн нэгэн цэцэг байлаа.
Удалгүй би Улаанбаатар хотод оюутан болж ирлээ. Цэцэгсийн гайхам ертөнцийг ч шохоорхох завгүй болж, нэг бол хэдэн сараар хичээл номд дарагдаад, нэг бол хэдэн сараар найз нөхөдтэйгээ зугаацаад багын дурсамж, даруухан байх тухай ээжийнхээ захиасыг ч мартчихаж билээ. Би цэргийн алба хааж, оюутан солилцоогоор гадаад суралцаж, оюутны зөвлөлийн даргаар сонгогдож их сургуулийн 3 курст амжилттай суралцаж байв. Бүх зүйл минь болж бүтэж байсан ч нэг л зүйл дутаад байсан хувь тавилангаа холбох бүсгүй хүн байлаа.
Ээжийнхээ хэлсэн үгийг санаж энгийн даруухан нэг бүсгүйд хайр халамжаа зориулая гэж шийдлээ. Тэр бүсгүйтэйгээ болзож, хамтдаа цагийг өнгөрөөж нэг л мэдэхэд ухаангүй дурлачихсан байлаа. Энэ л энгийн даруухан агаад эрхэмсэг нэгэн гоёхон цэцгийг өөртөө авахын тулд хамгийн үнэтэй зүрх сэтгэл, хайраа харамгүй зориулж эхэлсэн юм. Гэтэл нэг л тэр бүсгүй намайг хаяад явчихсан юм. Чи бид хоёр бие биедээ зохицохгүй хүмүүс гэдэгээс өөр юугч хэлээгүй юм.
Би амьдралаа тэр бүсгүйгүйгээр огтхон ч төсөөлж чадахгүй байлаа. Тэгээд сэтгэл санаагаар унаж туйлдаа хүртэл ядарсны эцэст төрсөн нутагруугаа буцсан юм. Гэртээ очоод ухаангүй бүр 3 хоног унтаж сэрээд хартал ээж минь байсангүй. Дэргэд минь харин хоол цай бэлдээд өөрөө хаашаа ч юм явчихсан байлаа. Би ээжийг харах гэж хөшиг таттал өнөөх танил усан цэцэг минь надруу харж мишээн байлаа. Би тэр цэцэгсээс ч илүү гоё цэцэг болчихсон байжээ.
Ингээд би маш их зүйлийг алдчихсан мэт боловч түүнээс ч том зүйлийг тэр л цэцэгсээс олж авлаа. Тэр бол миний хамгийн том өмч тэр бүсгүйг надад ирнэ гэсэн найдвар минь байлаа. Тэгээд би энэ өмчөө тэр бүсгүйг надад итгэн, итгэтэл нь зарж амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгож хэзээ ч шантралгүй хүлээхээр шийдсэн. Шаварт унаж шавхай болчихсон ч сэтгэл доторх итгэл нь зул болон бадамлаж байхад гоё цэцэг хэзээ ч үнэ цэнээ алдаагүй юм. Тэгээд хайртай түүнийхээ итгэлийг олж гоё цэцэгс насан үүрд хамтдаа нар өөд тэмүүлж амьдарч байна.

No comments:

Post a Comment

 

Design By:
Buya