Tuesday, January 26, 2010

1-р сарын 28 нд зориулсан шүлэг

Улирал бүхэн өөр өөрийн өнгөтэйг бодоод
Уучилж найзынхаа ойворгон занг өршөөгөөч
Улирал зуны нас даанч богинохон болохоор
Найзад нь намар ирж яваа нь энэ юм болов уу?
Өвөл хэзээ ч болохгүй гэж амлахгүй
Өгсөн хайранд минь өнтэй байхыг амлая.
Өнөөдөр зүрхэнд минь чи цас болж бударсан ч
Өөр нэг л өдөр хаврын хөх яргуй
Хайртай чинь хамт дэлбээлэхийг би хүлээсэн.
Өнөөдөр тэр цаг хахир өвлийн хамгийн сүүлчийн өдөр.

Wednesday, January 6, 2010

Мөрөөдөл биелдэг юм

Намайг өглөө сэрэхэд ямар нэг зүйл нэг л өөр байв. Чухам юу гэдгийг би анзаарсангүй. Би дадсан цагтаа босч ажилдаа явахдаа бэлдэж, гэрээсээ гарч явлаа. Зүрх сэтгэл дотор болоод байгаа тэр зүйл юу болохыг би анзаарч чадсангүй. Үүд дарж тогтсон зузаан цас хаалга онгойхтой зэрэгцэн гэрлүү маань халтирч орох нь хүсэн хүлээж байсан хүн маань хаалга татаад орж ирсэн мэт нэг л тааламжтай. Шинэ өглөө, шинэхэн цас эргэн тойрон барилга байшин, машин зам, гэрлэн дохио хүртэл цагаан малгайгаар хучигдчихсан гудамжаар явах машинууд гэрлээ асаачихаад болгоомжтойгоор урагшлах нь надад нэг л тайван санагдана.

Ажлынхаа өрөөний хаалгыг татаад ортол өрөөнд маань дугтуй түлхүүртэй байлаа. Дугтуйн дээр шинэ ажилд чинь амжилт хүсье өрөөний дугаар 8B гэсэн зурвас байлаа. Энэ бичгийг би өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг санагдаад өөртөө итгэлгүйгээр түлхүүрийг атгатал ажлын газрын хүүхнүүд оргилуун дарс, амтат бялуу бас сарнай цэцгийн баглаа барьж шуугилдсаар орж ирлээ. Надад хөөрч баярлахаас минь илүүтэйгээр эргэлзэх гайхах мэдрэмж төрж байлаа. Тэдний шуугилдсан дуу инээд хөөр миний бодлыг хормын төдийд үргээж би ч бас сэтгэлийн хөөрөлдөө автлаа. Гэнэтийн явдлаар дүүрэн шинэ ажлын минь гараа шинэ өглөө хоёр ингэж эхэлсэн юм.

Дэгжин костюмтай ганган тэр бүсгүйчүүдийг өөр өөрсдийн ажлаа хийхээр гарч явсны дараа надад өөрөөрөө бахархах сэтгэл төрлөө. Саяхан л тэднээс суралцаж, мэдэх мэдэхгүйгүйгээ заалгаж загнуулж явсан би тэднийг ахлах болсондоо үнэмшимгүй байлаа. Бага наснаасаа өдийг хүртэл дэлхийн олон хэлээр ярьж сурахыг, тэдний соёлыг ойлгож, өөр өөр соёлын хүмүүстэй харилцаж сурахыг, тэдэнтэй нөхөрлөхийг мөрөөддөг байсан минь энэ ажлыг хийхэд илүү дотно санагдуулж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх шатаар алхам урагш гишгэж буй мэт санагдаж байв.

Миний ажил гадагшаа дотогшоо их аялдаг болохоор удахгүй би дэлхийн олон оронд очиж олон соёлын хүмүүстээ ажиллаж, нөхөрлөнө гэж бодох бүрт улам их аз жаргалыг мэдэрч байлаа.

Шинэ ажил маань зүрх сэтгэлд дэндүү их аз жаргал урам зоригийг авчирсан болохоор би ч ажилдаа шамдан орлоо. Түүнээс тунчиг удалгүй атал ажлын цаг анзаарахын зуургүй хурдан өнгөрч гарах хонх нэгэнтээ цохилж байлаа. Зуурдхан юм шиг нэг л өдөр хийсэн бүтээсэнээ харахад чамламгүй авч улам их ажилахыг хүсч байлаа.

Оюутан ахуйдаа нөхөрлөдөг байсан уулзалгүй удсан дотны найзруугаа утасдаж дүүрэн эдэлж буй баяр жаргалаа хуваалцахыг хүсэхэд найз маань намайг хотын төвийн “Б” зэрэглэлийн бүс дэхь бүжгийн клубд ирж хамтдаа үдшийг зугаатай өнгөрүүлэхийг урилаа.

Би ч найзынхаа урилгыг хүлээн авч тэр клубруу шууд яваад очлоо. Тэр клубын нэр, бас дотор тохижилт, гэрлэн чимэглэл тайз нэг л урьд өмнө ирж байсан мэт сэтгэлд ойрхон санагдалаа. Оюун ухаанд минь энэ мэдрэмж өглөөнөөс хойш 3 дахиа төрж байгаа нь энэ байв. Найз минь яг л 20 настай шигээ сэргэлэн цовоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй намайг ирж үнсэж хувцас солих өрөөрүү дагуулж орлоо. Найз маань хувцасны шүүгээг нээж, өлгүүртэй хувцаснуудыг 2 талруу шахаж түлхээд нэг хослол гаргаж ирлээ. Надад таалагдаж байгаа эсэхийг асуухад би өнөөх мэдрэмжиндээ дахиж автаад юуг ч хариулж чадсангүй. Энэ өдөр энэ үдэш би хамгийн ихээр хүсдэг байсан бүжгийн хувцасаа өмсөөд зүүдэндээ ч юмуу хаана ч харсан юм гэмээр энэ л танил клубд надад хүссэнээрээ бүжиглэх боломж олдохыг би яаж мэдэх билээ. Бид хоёр бүхнийг мартаж хөлсөө гартал бүжиглэсээр, цаг урсаж байгааг, бие маань ядарч байгааг огтхон ч анзааралгүйгээр шөнө дунд болгочихжээ.

Хөөрсөн би хамгийн сайн найздаа баяртай гэж хэлэхээр хувцас солих өрөөнд ортол гар утсанд минь нэлээд олон дуудлага бас дуут шуудан ирсэн байлаа. Шуудангаа автал захирал маань анхны өдрийн маань ажлыг сайшааж бас өөрөө яаралтай ажилтай болсон тул намайг өөрийг нь орлож ..... руу хуралд явуулахаар болж миний нэр дээр нислэгийн тийзийг гэрлүү маань илгээжээ. Хамгийн айдастай түгшмээр зүйл нь нислэг үүрийн 4 цагт гэтэл одоо цаг 2.30 болж байлаа. Бүжгийн хувцастай найз маань гэрлүү минь явж, би нисэх онгоцны буудалруу явлаа. Цаг хагасын дотор гадагшаа томилолтонд явахаар бэлдэнэ гэдэг эрүүл хүний санаанд буумгүй зүйл байлаа. Гэхдээ бид чадсан. Бизнес ангилалаар хамгийн сүүлд орж ирсэн бүжгийн хувцастай бүсгүйг хаана суухыг онгоцон доторх хүн бүр хүлээж буй мэт харж байлаа. Яарч тэвдсэн би суудалаа олж суухдаа дэргэдээ хэн байсныг ч анзаарахгүйгээр гүн нойрондоо автлаа. Урт удаан зүүд гэмээр тэр л өдрийн дараах бат бөх нойрон дунд минь ямар нэг зүйл тухгүйдэх шиг санагдаж ухасхийн сэртэл дэргэд минь суусан залуу би таныг сэрээчихвүүдээ гээд санаа зовсон аястай намуухан өнгөөр надаас асуулаа. Нислэгийн турш танихгүй залуугийн мөрийг түшээд унтчихсандаа би мэгдэж үгүй ээ гээд аядуухан өндийтөл “ таных биш биз” гээд надад нэг дугтуй өглөө. Шуудангаар ирсэн нислэгийн тийзийг найз минь авчирч өгөхдөө хамт авчирсан болохыг санаж дугтуйг нээж унштал энэ амжилтанд хүрэхэд минь зам минь болсон эссэ маань байсныг … жилийн дараа эргээд ирсэнийг, ирэхдээ миний мөрөөдлийг авч ирсэнийг өглөөнөөс хойш болсон бүхэн минь өмнө нь болсон мэт санагдаад байсныг би ойлгож бүр яахаа ч мэдэхгүй эргэлзэх, баярлахын завсарт ирчихсэн надруу инээмсэглэх тэр залууг дуусгаагүй бичсэн захидлын маань үргэлжлэл гэдэгийг мэдээд…

Гоё цэцэгс

-Ээжээ би тэр цэцгийг авья.
-Болохгүй ээ. Миний хүү гоё цэцэг хэзээ ч хүнд хань болдоггүй юм.
Энэ цэцгийг авбал чи өдөр бүр усалж хөрсийг нь сольж бас харж, хандаж байх хэрэгтэй болно.
-Би чадна шүүдээ. Ээжээ. Авчихьялдаа.
Хүү уйлж унжин байж дэлгүүрээс үнэтэй бас их л гоё цэцэг авхуулсан юм.
Олон жилийн өмнө болохоор би чухам ямар нэртэй цэцэг байсныг санахгүй байна. Бяцхан ухаанд минь тодоос тод үлдсэн дурсамж маань гэвэл дэндүү их үнэ төлөн байж авсан тэр цэцэг маань нэг л өдөр торгомсог дэлбээ нь хатаж шарлаад, намайг орхиод явсаныг санаж байна. Зөрүүдлэн байж авсан болохоор би хэдий гунигтай байсан ч юу ч болоогүй юм шиг дүрийг ээждээ үзүүлж, харин орон дотроо чимээгүй уйлж байсан юм.
Ээж минь дэргэд минь сууж байгаад
-Миний хүү цэцэг гэдэг чинь хүнтэй л адил хайр халамж шаардаж байдаг. Хэдий гоё байх тусмаа төдий чинээ л их хайр халамж шаарддаг юмшүүдээ.
Ээж нь залуу байхдаа их сайхан цэцгэнд сэтгэл алдарч түүнийгээ өөртөө авсан юм. Тэр цэцэг бол чиний аав байсан юм. Ээж нь аавыг чинь ердөө ч буруутгаж чаддагүй. Харин ч хэтэрхий гоё цэцгэнд дурласандаа өөрийгөө л буруутгадаг юм. Ээж нь тэр гоё цэцэгээ хүн болгоноос харамлаж, муудалцаж заримдаа бүр барьцалдаад авдаг байсан. Гэвч нэг л өдөр ээжээс нь хэннэгэн булаагаад аваад явчихсан байсан. Тэр өдрөөс л хойш миний хүү ээждээ цэцэг нь болж ургасан юмшүүдээ.
Энэ үед би их зүйлийг ухаарсан юм.
Ээжийн маань ярьсан энэ явдлаас болоод ч тэрүү? Эсвэл хүүгээ хойд эцгийн гар дамжуулахгүй гэсэндээ ч тэрүү? Ээж минь өөрийнхөө гоо үзэсгэлэнг үргэлж нууж явдаг байлаа. Тийм болохоороо ч тэр юмуу? Намайг ч бас бусдын нүдэнд тусахааргүй хувцаслаж төлөв даруу байхыг сургадагсан.
Маргааш нь ээж минь надад усан цэцэг авчирч өгсөн юм.
Өнжөөд нэг л услахад өөрөө дэлбээлчихдэг. Заримдаа бүр хэдэн хоногоор мартаад явахад аанай л нэг гандчихаагүй байж байдаг энгийн нэгэн цэцэг байлаа.
Удалгүй би Улаанбаатар хотод оюутан болж ирлээ. Цэцэгсийн гайхам ертөнцийг ч шохоорхох завгүй болж, нэг бол хэдэн сараар хичээл номд дарагдаад, нэг бол хэдэн сараар найз нөхөдтэйгээ зугаацаад багын дурсамж, даруухан байх тухай ээжийнхээ захиасыг ч мартчихаж билээ. Би цэргийн алба хааж, оюутан солилцоогоор гадаад суралцаж, оюутны зөвлөлийн даргаар сонгогдож их сургуулийн 3 курст амжилттай суралцаж байв. Бүх зүйл минь болж бүтэж байсан ч нэг л зүйл дутаад байсан хувь тавилангаа холбох бүсгүй хүн байлаа.
Ээжийнхээ хэлсэн үгийг санаж энгийн даруухан нэг бүсгүйд хайр халамжаа зориулая гэж шийдлээ. Тэр бүсгүйтэйгээ болзож, хамтдаа цагийг өнгөрөөж нэг л мэдэхэд ухаангүй дурлачихсан байлаа. Энэ л энгийн даруухан агаад эрхэмсэг нэгэн гоёхон цэцгийг өөртөө авахын тулд хамгийн үнэтэй зүрх сэтгэл, хайраа харамгүй зориулж эхэлсэн юм. Гэтэл нэг л тэр бүсгүй намайг хаяад явчихсан юм. Чи бид хоёр бие биедээ зохицохгүй хүмүүс гэдэгээс өөр юугч хэлээгүй юм.
Би амьдралаа тэр бүсгүйгүйгээр огтхон ч төсөөлж чадахгүй байлаа. Тэгээд сэтгэл санаагаар унаж туйлдаа хүртэл ядарсны эцэст төрсөн нутагруугаа буцсан юм. Гэртээ очоод ухаангүй бүр 3 хоног унтаж сэрээд хартал ээж минь байсангүй. Дэргэд минь харин хоол цай бэлдээд өөрөө хаашаа ч юм явчихсан байлаа. Би ээжийг харах гэж хөшиг таттал өнөөх танил усан цэцэг минь надруу харж мишээн байлаа. Би тэр цэцэгсээс ч илүү гоё цэцэг болчихсон байжээ.
Ингээд би маш их зүйлийг алдчихсан мэт боловч түүнээс ч том зүйлийг тэр л цэцэгсээс олж авлаа. Тэр бол миний хамгийн том өмч тэр бүсгүйг надад ирнэ гэсэн найдвар минь байлаа. Тэгээд би энэ өмчөө тэр бүсгүйг надад итгэн, итгэтэл нь зарж амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгож хэзээ ч шантралгүй хүлээхээр шийдсэн. Шаварт унаж шавхай болчихсон ч сэтгэл доторх итгэл нь зул болон бадамлаж байхад гоё цэцэг хэзээ ч үнэ цэнээ алдаагүй юм. Тэгээд хайртай түүнийхээ итгэлийг олж гоё цэцэгс насан үүрд хамтдаа нар өөд тэмүүлж амьдарч байна.

Tuesday, January 5, 2010

Бичсэн шүлгүүд минь

Улбар наран мандаж салхи тогтохын цагт
Үүлтэй нартай чамтай хамт би тоглодог.
Уулын цаагуур нуугдаад намайг орхиод явахад чинь
Учиргүй би ганцаардаж маргааш ирэхийг чинь хүлээдэг...

Бороо зүсрэн зүсрэн зүлэг норгоод
Зүүд дайраад өнгөрчих юм
Бодолд чи сэмхэн орж ирээд, сэтгэл шаналгаад
Төд удалгүй орхиод явчих юм.
Тэнгэр минь чи юунд аашилж
Тэр шөнө хэнд ч мэдэгдэхгүй уйлсан юм бэ
Тэнэгхэн би чинь чамд дурлачихаад
Тэр шөнөөр бороотой хамт уйлж байсан юм гэж үү?

Чиний өмнө би очихоороо
Чимээгүй нэг л гэм хийсэн
Хүүхэд шиг болчихдог
Аниргүйг эвдэж чамайг дуугарахад
Анхаарч чагнахдаа би жаргалтай байдаг
Найзын минь дүү чамтай хамт байхад
Надад үргэлж сайхан байдаг.
 

Design By:
Buya