Wednesday, January 6, 2010

Мөрөөдөл биелдэг юм

Намайг өглөө сэрэхэд ямар нэг зүйл нэг л өөр байв. Чухам юу гэдгийг би анзаарсангүй. Би дадсан цагтаа босч ажилдаа явахдаа бэлдэж, гэрээсээ гарч явлаа. Зүрх сэтгэл дотор болоод байгаа тэр зүйл юу болохыг би анзаарч чадсангүй. Үүд дарж тогтсон зузаан цас хаалга онгойхтой зэрэгцэн гэрлүү маань халтирч орох нь хүсэн хүлээж байсан хүн маань хаалга татаад орж ирсэн мэт нэг л тааламжтай. Шинэ өглөө, шинэхэн цас эргэн тойрон барилга байшин, машин зам, гэрлэн дохио хүртэл цагаан малгайгаар хучигдчихсан гудамжаар явах машинууд гэрлээ асаачихаад болгоомжтойгоор урагшлах нь надад нэг л тайван санагдана.

Ажлынхаа өрөөний хаалгыг татаад ортол өрөөнд маань дугтуй түлхүүртэй байлаа. Дугтуйн дээр шинэ ажилд чинь амжилт хүсье өрөөний дугаар 8B гэсэн зурвас байлаа. Энэ бичгийг би өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг санагдаад өөртөө итгэлгүйгээр түлхүүрийг атгатал ажлын газрын хүүхнүүд оргилуун дарс, амтат бялуу бас сарнай цэцгийн баглаа барьж шуугилдсаар орж ирлээ. Надад хөөрч баярлахаас минь илүүтэйгээр эргэлзэх гайхах мэдрэмж төрж байлаа. Тэдний шуугилдсан дуу инээд хөөр миний бодлыг хормын төдийд үргээж би ч бас сэтгэлийн хөөрөлдөө автлаа. Гэнэтийн явдлаар дүүрэн шинэ ажлын минь гараа шинэ өглөө хоёр ингэж эхэлсэн юм.

Дэгжин костюмтай ганган тэр бүсгүйчүүдийг өөр өөрсдийн ажлаа хийхээр гарч явсны дараа надад өөрөөрөө бахархах сэтгэл төрлөө. Саяхан л тэднээс суралцаж, мэдэх мэдэхгүйгүйгээ заалгаж загнуулж явсан би тэднийг ахлах болсондоо үнэмшимгүй байлаа. Бага наснаасаа өдийг хүртэл дэлхийн олон хэлээр ярьж сурахыг, тэдний соёлыг ойлгож, өөр өөр соёлын хүмүүстэй харилцаж сурахыг, тэдэнтэй нөхөрлөхийг мөрөөддөг байсан минь энэ ажлыг хийхэд илүү дотно санагдуулж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх шатаар алхам урагш гишгэж буй мэт санагдаж байв.

Миний ажил гадагшаа дотогшоо их аялдаг болохоор удахгүй би дэлхийн олон оронд очиж олон соёлын хүмүүстээ ажиллаж, нөхөрлөнө гэж бодох бүрт улам их аз жаргалыг мэдэрч байлаа.

Шинэ ажил маань зүрх сэтгэлд дэндүү их аз жаргал урам зоригийг авчирсан болохоор би ч ажилдаа шамдан орлоо. Түүнээс тунчиг удалгүй атал ажлын цаг анзаарахын зуургүй хурдан өнгөрч гарах хонх нэгэнтээ цохилж байлаа. Зуурдхан юм шиг нэг л өдөр хийсэн бүтээсэнээ харахад чамламгүй авч улам их ажилахыг хүсч байлаа.

Оюутан ахуйдаа нөхөрлөдөг байсан уулзалгүй удсан дотны найзруугаа утасдаж дүүрэн эдэлж буй баяр жаргалаа хуваалцахыг хүсэхэд найз маань намайг хотын төвийн “Б” зэрэглэлийн бүс дэхь бүжгийн клубд ирж хамтдаа үдшийг зугаатай өнгөрүүлэхийг урилаа.

Би ч найзынхаа урилгыг хүлээн авч тэр клубруу шууд яваад очлоо. Тэр клубын нэр, бас дотор тохижилт, гэрлэн чимэглэл тайз нэг л урьд өмнө ирж байсан мэт сэтгэлд ойрхон санагдалаа. Оюун ухаанд минь энэ мэдрэмж өглөөнөөс хойш 3 дахиа төрж байгаа нь энэ байв. Найз минь яг л 20 настай шигээ сэргэлэн цовоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй намайг ирж үнсэж хувцас солих өрөөрүү дагуулж орлоо. Найз маань хувцасны шүүгээг нээж, өлгүүртэй хувцаснуудыг 2 талруу шахаж түлхээд нэг хослол гаргаж ирлээ. Надад таалагдаж байгаа эсэхийг асуухад би өнөөх мэдрэмжиндээ дахиж автаад юуг ч хариулж чадсангүй. Энэ өдөр энэ үдэш би хамгийн ихээр хүсдэг байсан бүжгийн хувцасаа өмсөөд зүүдэндээ ч юмуу хаана ч харсан юм гэмээр энэ л танил клубд надад хүссэнээрээ бүжиглэх боломж олдохыг би яаж мэдэх билээ. Бид хоёр бүхнийг мартаж хөлсөө гартал бүжиглэсээр, цаг урсаж байгааг, бие маань ядарч байгааг огтхон ч анзааралгүйгээр шөнө дунд болгочихжээ.

Хөөрсөн би хамгийн сайн найздаа баяртай гэж хэлэхээр хувцас солих өрөөнд ортол гар утсанд минь нэлээд олон дуудлага бас дуут шуудан ирсэн байлаа. Шуудангаа автал захирал маань анхны өдрийн маань ажлыг сайшааж бас өөрөө яаралтай ажилтай болсон тул намайг өөрийг нь орлож ..... руу хуралд явуулахаар болж миний нэр дээр нислэгийн тийзийг гэрлүү маань илгээжээ. Хамгийн айдастай түгшмээр зүйл нь нислэг үүрийн 4 цагт гэтэл одоо цаг 2.30 болж байлаа. Бүжгийн хувцастай найз маань гэрлүү минь явж, би нисэх онгоцны буудалруу явлаа. Цаг хагасын дотор гадагшаа томилолтонд явахаар бэлдэнэ гэдэг эрүүл хүний санаанд буумгүй зүйл байлаа. Гэхдээ бид чадсан. Бизнес ангилалаар хамгийн сүүлд орж ирсэн бүжгийн хувцастай бүсгүйг хаана суухыг онгоцон доторх хүн бүр хүлээж буй мэт харж байлаа. Яарч тэвдсэн би суудалаа олж суухдаа дэргэдээ хэн байсныг ч анзаарахгүйгээр гүн нойрондоо автлаа. Урт удаан зүүд гэмээр тэр л өдрийн дараах бат бөх нойрон дунд минь ямар нэг зүйл тухгүйдэх шиг санагдаж ухасхийн сэртэл дэргэд минь суусан залуу би таныг сэрээчихвүүдээ гээд санаа зовсон аястай намуухан өнгөөр надаас асуулаа. Нислэгийн турш танихгүй залуугийн мөрийг түшээд унтчихсандаа би мэгдэж үгүй ээ гээд аядуухан өндийтөл “ таных биш биз” гээд надад нэг дугтуй өглөө. Шуудангаар ирсэн нислэгийн тийзийг найз минь авчирч өгөхдөө хамт авчирсан болохыг санаж дугтуйг нээж унштал энэ амжилтанд хүрэхэд минь зам минь болсон эссэ маань байсныг … жилийн дараа эргээд ирсэнийг, ирэхдээ миний мөрөөдлийг авч ирсэнийг өглөөнөөс хойш болсон бүхэн минь өмнө нь болсон мэт санагдаад байсныг би ойлгож бүр яахаа ч мэдэхгүй эргэлзэх, баярлахын завсарт ирчихсэн надруу инээмсэглэх тэр залууг дуусгаагүй бичсэн захидлын маань үргэлжлэл гэдэгийг мэдээд…

No comments:

Post a Comment

 

Design By:
Buya